Шуурхай мэдээ

Ёс зүйн дүрэм

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2008 оны 02 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                                    Дугаар А/32                                                                      Улаанбаатар хот

Дүрэм батлах тухай

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэг“ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм”-ийн 1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай. 2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны А/182 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. З.Энэхүү дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /дэд хурандаа М.Баттогтох/-т үүрэг болгосугай.

ДАРГА, ХУРАНДАА                                                  Д.БАТЖАРГАЛ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны А/32.дугаар тушаалын хавсралт

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны зүгээс Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон тус байгууллагын ажилтны нэр хүндийг өндөрт өргөн, цэвэр ариун байлгах, албан үүргээ гүйцэтгэх явцад нь ёс зүй хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд оршино. 1.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын ажилтан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа энэхүү ёс зүйн дүрмийг хэлбэрэлтгүйгээр сахин биелүүлэх үүрэгтэй. Хоёр.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс 2.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль , Цэргийн албаны нийтлэг дүрэм, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, зарчим байна. Гурав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн зөрчил 3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж, энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгхэлнэ.

Дөрөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээ

4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд мөрдлөг болговол зохих эрх зүйн хэм хэмжээ, зан үйлийн нийлбэр цогцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүй гэнэ. 4.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ дараахь зарчмыг баримтална.Үүнд: 4.2.1. Хууль дээдлэх; 4.2.2.Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах; 4.2.3.Шударга, энэрэнгүй байх; 4.2.4.Төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөх; 4.2.5.Нууц хадгалах; 4.2.6.Цэргийн албаны нийтлэг дүрмээр тогтоосон хэм хэмжээг чанд сахин мөрдөх; 4.2.7.Цэргийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангарагтаа

үнэнч байх.

Тав.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага

5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь нийтээр хүлээн зөвшөөрөн даган мөрдөж буй ёс зүйн хэм хэмжээг бусдад үлгэрлэн чанд сахин ажиллана. 5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь удирдах дээд шатны менежертэй байгуулсан төрийн албан хаагчийн үйл ажиллагааны болон үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаж ажиллахаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон чанд сахин биелүүлнэ. 5.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны нэр хүндийг өндөрт өргөн ажиллах үүрэг хүлээнэ. 5.5.Албан   үүргээ гүйцэтгэх явцдаа дараахь үйлдэл, эс үйлдэхүйг хийхийг хориглоно.Үүнд: 5.5.1.Албан тушаалаа хувийн сонирхолоор ашиглах; 5.5.2.Хувийн ажилд албаны нэр барих;

5.5.3.Албан тушаалаараа түрүү барин бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, сүрдүүлэх;

5.5.4.Аливаа хэлбэрээр танил тал харах, бусдад давуу байдал олгох; 5.5.5.Бусдад бүдүүлэг зан авир гаргах, ялгаварлан гадуурхах, чирэгдүүлэх;

5.5.6.Ажлын байранд, албан үүрэг гүйцэтгэх үедээ болон ажлын цагаар түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа хэрэглэх;

5.5.7.Байгууллагын талаарх мэдээллийг удирдлагын зохих зөвшөөрөлгүйгээр бусдад өгөх;

5.5.8.Хэвлэл   мэдээллийн хэрэгслээр байгууллагын талаарх мэдээллийг удирдлагын өгсөн зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэх, ярилцлага, тайлбар өгөх;

5.5.9. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн аливаа мэдээ, мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, дамжуулах;

5.5.10. Албан үүргээ гүйцэтгэхтэйгээ холбогдуулан бусдаас бэлэг, сэлт авах; 5.5.11.байгууллагын хэвлэмэл хуудас, албан тоотыг зохих журмаас гадуур авч явах, ашиглах;

5.6.Ажил мэргэжил нэгт нөхдийнхөө нэр төрийг гутаах, харилцагчдад нь худал ташаа ойлголт өгөх, бусдын ажилд хөндлөнгөөс зүй бусаар оролцох, нөлөөлхийг хориглоно. 5.7.Авилгал авахыг хориглоно. 5.8.Цэргийн дүрэмт хувцас, формыг дүрмээс бусад хэлбэрээр өмсөх, зориулалтын бусаар янзлах, хэлбэр хийцийг нь өөрчлөхийг хориглоно. 5.9. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа биеийн тамирын болон жинсэн өмд хувцас болон эмэгтэйчүүд хэт богино банзал өмсөхгүй байвал зохино. 5.10.Төрийн  тусгай албан тушаал хашдаг ажилтан, албан хаагч бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд үнэн зөв гарган өгөх үүрэгтэй. 5.11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь хариуцсан үүрэгт ажилдаа хариуцлагатай, мэргэшсэн, ажилдаа дур сонирхолтой, үнэнч шударга, сахилга дэг журмыг сахидаг, хувийн зохион байгуулалт сайтай, зан харьцааны хувьд доголдолгүй байна. 5.12.Тогтоол гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр дараахь үйлдэл, эс үйлдэхүйг хийхийг хориглоно.Үүнд: 5.12.1.Ялтан, хоригдогч этгээдийг хугацаанаас нь өмнө хууль бусаар

суллах, чөлөөлөх, аливаа хэлбэрээр ял завшуулах талаар тавьсан бусдын хүсэл, шаардлагыг хүлээн авах;

5.12.2. Ялтан,   хоригдогч этгээдтэй найз нөхдийн болон бусад хэлбэрээр ойр дотно холбоо тогтоох, тэдэнд ялгавартай хандах, давуу байдал олгох; 5.12.3.Ялтныг хөлсгүй ажиллуулах, хувийн ажил хийлгэх; 5.12.4.Ялтан, хоригдогч этгээдтэй зүй бус харьцах, хууль бусаар эргэлт, уулзалт зохион байгуулах, захидал, илгээмж дамжуулах; 5.12.5. Ялтан,   хоригдогч этгээд тэдний ар гэр болон бусад холбоотой этгээдтэй хувийн харьцаа тогтоох, зуучлах зэрэг үйлдэл хийх; 5.12.6.Ялтан,   хоригдогч этгээдээс мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал ,

зээл авах;.

5.12.7.Ялтан,   хоригдогч этгээдийн нэр төрийг гутаан доромжлох, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бие махбодид нь хүч хэрэглэх. 5.13.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр дараахь үйлдэл, эс үйлдэлийг хийхийг хориглоно.Үүнд: 5.13.1.Шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь хууль бусаар өөр тойрогт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах, хууль ёсны шийдвэргүйгээр ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох, шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийх; 5.13.2 Шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч этгээдүүдтэй хувийн харилцаа тогтоох; 5.13.3 Шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хуульд зааснаас бусад аливаа хэлбэрээр шагнал урамшуулал авах;

5.13.4 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн, барьцаалсан хураагдсан эд зүйлийг хувьда

ашиглах, эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч аль нэг этгээдэд хуульд зааснаас бусад давуу байдал олгох.

Зургаа.Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа

6.1 .Ёс зүйн зөрчлийг дараахь үндэслэлээр шалгана. Үүнд: 6.1.1.иргэд байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол мэдээллийг үндэслэн; 6.1.2.дотоодын     хяналт шалгалтаар илэрсэн; 6.1.3.шаардлагатай  тохиолдолд удирдлагын санаачилгаар; 6.1.4.хэвлэл    мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн; 6.1.5.хуульд    заасан бусад үндэслэлээр.

Долоо. Ёс зүйн дүрмийн биелэлтэнд хяналт тавих

7.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд Ёс зүйн хороо, хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ёс зүйн дүрмийн биелэлтэнд хяналт тавих салбар хороо ажиллах бөгөөд ёс зүйн хорооны бүрэлдэхүүн болон салбар хорооны даргыг ерөнхий газрын дарга томилно. 7.2.Хорооны дүрмийг Ерөнхий газрын дарга батална. 7.3.Салбар хороо бүр хагас жил тутам тайлангаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ёс зүйн хороонд тайлагнаж, хорооны дарга тайланг нэгтгэн ерөнхий газрын даргын зөвлөлд танилцуулна. 7.4.Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийг хянан үзэж, дүгнэлт гаргахаас гадна албан хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулна.

Найм. Ёс зүйн дүрмийг даган биелүүлэх талаар

8.1 .Хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба бүр ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах ажлыг алба тус бүр дээр зохион байгуулна. 8.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан бүр ёс зүйн дүрмийг албан өрөөндөө байрлуулан , албан үүргээ гүйцэтгэхдээ дүрмийн заалтыг ёсчлон даган мөрдөнө.

Ес. Ёс зүйн дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

9.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны гаргасан зөрчил нь энэхүү ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж байгаа бол гаргасан зөрчлийн шинж, хор уршигт тохируулан тус байгууллагын ажилтан болон цэргийн албан хаагчид “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хууль”-ийн 136 дугаар зүйл, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм” энгийн албан хаагчид “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 131 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулахаар Ерөнхий газрын даргад санал оруулна.