Шуурхай мэдээ

Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авлаа.

Тус анги нь “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрөлх байгууллагынхаа түүхийг бичилцэж, ажил амьдралаа холбон ажиллаж, амьдарч, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус байгууллагатай хувь заяагаа холбосон 128 ахмад буурлууд байдгаас хүндэтгэлийн арга хэмжээнд 84 ахмад настан хүрэлцэн ирлээ.

Ахмадуудаа бид ёслолын жагсаалаар угтаж, дурсгалын зураг татуулан хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд уг арга хэмжээг нээж харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Э.Бямбадорж үг хэлж, дүрс бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч Ж.Отгонжаргал, морин хуурч Э.Өлзийсайхан нар “Урьхан хонгор салхи” уртын дуугаар ая дууны мялаалга өргөн баярын үйл ажиллагааг нээсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, С.Түмэнжаргал, ШШГБ-ын “Соёмбо” хөгжмийн салааны уран бүтээлчид болон ахмад Б.Гандолгор, дэслэгч Н.Эрдэнэсүх, О.Бүрэнжаргал, ахлах ахлагч Б.Ариунаа, И.Хосбаяр нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, хамтдаа дуулж, бүжиглэцгээлээ.

Мөн арга хэмжээний үеэр 2017-2019 онд цэргийн алба хаасан хугацааны байнгын тэтгэвэр тогтоолгосон нийт 14 ахмад ажилтанд байгууллагын зүгээс өөрсдийн зурагтай 60х40 хэмжээтэй “Дурсамж”, мөнгөн шагналыг хадгалууллаа.

Ахмадууд маань хүндэтгэлийн арга хэмжээний үеэр сэтгэл хангалуун байгаагаа ангийн удирдлага болон зөвлөлийн гишүүдэд илэрхийлэн, бидний ажилд үйлсэд амжилт хүсч, дундрашгүй их туршлагаасаа хуваалцсанаар арга хэмжээг өндөрлөсөн юм.

Ахмад үе минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс нь өөдрөг, үр хойч нь жаргалтай, хийморь лундаа нь бадарч, буян заяа нь өөдлөн дэлгэрэхийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*